ТЭМЭЭ
Говь нутаг заантай юу? Хэрэв Африкаас, эсвэл зүүн өмнөд азиас заан авч ирж говьд тэжээвэл яах вэ? Халууцах хэцүү юу? Даарах хэцүү юу? Амьтад ер нь ядардаг болов уу?
Өвлийн хүйтэн, зуны халуун, цастай, бороотой, салхитай, шуургатай үед амьтад ер нь хүн төрөлхтөнд атаархдаг болов уу? Амьтад уурлах, инээх, уйлах, дуулахыг мэддэг, мэдэрдэг болов уу? Амьтдад нь ер нь урлаг, уран сайхныг ойлгодог болов уу?
Тэмээ гэж амьтан нүүдэлчдийн амьдралд ачааны хүндийг үүрч, өрнийг дорнотой холбосон урт замын холыг туулахдаа урагшаа л харна уу гэхээс урд, хойно гарж, ухарч буцах нь үгүй. Тиймээс ч цуварч явах тэмээн жингээс үүдэн “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэсэн хэлц үг үүссэн байх. Энэ үгийг бид багийн ажлаас хойш суух, ажлаас хоцрох үед өөрсдийгөө тэмээтэй зүйрлэн ашигладаг билээ. Харин тэмээ өөрийгөө ачааны хүндийг үүрсэн сүүлийн тэмээ гэж мэддэг болов уу?
“Жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг” гэсэн хэлц харин ямар утгатай билээ? Магадгүй өдөр тутмын амьдралд дасал болсон зүйлсэд санаа зовох, ач холбогдол өгөх хэрэггүй гэсэн утгаар ашиглагддаг. Хэдхэн арваны өмнө жирийн л нэг үзэгдэл байсан нүүдэлчдийн нүүдэл, жинчдийн жин тээсэн хөсөг өнөө үед хэр барагтай л тааралдахааргүй хачирхалтай үзэгдэл болжээ. Тэмээн сүрэг өөрсдийгөө олон улс дамжсан тээвэр гэж мэддэг болов уу? Замын ноход өөрсдийгөө байрандаа л гацсан илүү үглэгч гэж мэдэрдэг болов уу?
“Номхон тэмээ ноолоход амархан” уу? Энэ хэлцийг бид хэтэрхий даруу төлөв байж хэн нэгний хэлсэн болгоныг хийгээд л байх юм бол хийх ажил нэмэгдээд л хүний аясаар л байна шүү гэсэн утгаар ашигладаг. Тэмээ үнэхээр номхон амьтан уу? Харин нөгөө талаас ороо нь орох үед сүр бярыг үзүүлж сүргээ хамгаалж хүн барьсан тухай хууч яриа олон байдаг. Орсон буураас хүн битгий хэл чоно ч айдаг билээ.
Эдгээр хэлц үгсээс гадна “Тэмээ, ямаа хоёр шиг”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Тэмээ яагаад арван хоёр жилд багтаагүй тухай домог” зэрэг олон төрлийн аман болоод бичгийн соёлын дурсгал бидний дунд хадгалагдан үлдсэн байдаг билээ. Харин тэмээ өөрийнх нь тухай ингэж ярилцаж хэлэлцдэгийг мэддэг болов уу?
Гэрийн тэмээ, зэрлэг хавтгай, Араб тэмээ хоорондоо ДНХ-ийн хувьд хоорондоо тийм ч ойролцоо биш гэж үздэг. Харин тэд хоорондоо тааралдах үедээ харилцдаг болов уу? Ойлголцдог болов уу? Амьдрал хэр байна даа? гэж үг солилцдог болов уу?
Монголчуудын дунд “Өнчин цагаан ботго” нэртэй домог, тууль, уртын дуу байдаг билээ. Уг уртын дууг ингэнд ботго авхуулах зан үйлд мөн ашиглагдаг. Өнчирч хоцорсон мал амьтан эсвэл төлөө голсон малд уртын дуу, морин хуур ашиглан зан үйл хийх үед эх мал уярч хайлан нулимс унагах нь тохиолддог. Энэ зан үйлийн тусламжтайгаар төл амлагддаг учраас тэмээг урлаг, ая эгшгийг ойлгодог зүрх сэтгэлтэй гэдэг нь батлагдаж байна.
Алдарт хуурч Н.Дагиранзын “Уулган шарын домог”-т:
Тэмээ тэсгэм хүйтэнд тэсвэртэй
Тэмээ замын холд тэнцвэртэй
Тэмээ бол говь нутгийн заан юм аа.